Wednesday, December 8, 2010

Философийн шvлгvvд

1990-ээд оны эхэн үеэр багагүй шуугиан тарьж байсан “Хүрээ хөвгүүд” бүлгэмийнхэн сэтгэлгээний эрэл хайгуул хийсэн өвөрмөц бичлэгүүдээрээ тухайн нийгмийн цөөнхи сэхээтнүүдийн сонирхолыг асар татаж байжээ.

Ингээд Хүрээ хөвгүүдийг үүсгэн байгуулагчийн нэг Г.Аюурзаны Философийн шүлгүүдээр цувралаа төгсгөе.

“Хорвоо ертөнцийг миний нүдээр ажиж чадах хэн нэгнийг би хүлээдэг...” Г.Аюурзана 


* * * 
Нүдэнд минь
Хүсэл гэрэлтэхгүй
Сэтгэл минь тийм гүн... 
* * *
Чи намайг
Мөн ч зовоосонсон
Ахиад тэгж нэг зовохсон... 
* * * 
Нойр – ариун учрал
Чамтай ханиндаа унтах,
Хожим дурсахад,
Хамтдаа сэрүүн байснаас минь илүү амттай... 
* * * 
Их баярын дараах уйтгар мэт
Их жаргалын дараах гуниг... 
* * * 
Дээвэрт чимээ дуулдахгүй
Борооны төлөө ууя
Нам гүмийн төлөө...
* * * 
Манан хөшиглөх уулын жимд
Зовлон мартагдана... 
* * * 
Хэзээ ч бусдын мэдэлд ороогүй
Хэнзхэн санаа минь насанд хүрч байна
Хэний ч хүртэж, нэвтэрч байгаагүй
Тэнгэрийг тэмтрээд хуруу минь хөрч байна...

* * * 

Дээвэрт бороо
Буцлах мэт үсчинэ
Гуниг минь чанагдана... 
* * * 
Цаг хугацаа амсхийх зуур би ухаангүй дурлаад
Цаашаа явж эхлэхэд нь тэнгэрээс буудаг
Цаг хугацаа амсхийх зуур би гүнзгий амьсгалаад
Цаашаа явж эхлэхэд нь санаа алддаг. 
”Маргааш гэдэг” 
Маргааш гэдэг чихүүн, бүдэг, гунигтай
Үүл мэт зөөлөн ширхэгтэй, тод, чихүүн
Манан дунд нэгээхэн морь ергөх зуур
Өнөөдөр намайг хайрлаад маргааш март! Тэгэх үү! 
* * * 
Хичнээн хичээгээд хүсэлд минь
Өөр бүсгүй багтахгүй Гэвч би хүүхэд мэт
Үнэн ч дурлаж чадахгүй
Чамайг гэж бодоод
Хэнийг ч энхрийлэхэд бэлэн
Чанга инээд шиг цохилох
Зүрхээ захирч чадахгүй
Чамайг гэж бодоод
Хэнийг ч энхрийлэхэд бэлэн
Чиний тухай бодол минь
Солиорсон хүн шиг насгүй,
Чийгтэй агаарт татаатай
Солонгийн төдий хэврэг,
Үлээхэд сарнимаар эмзэг
Гэвч гадаа салхитай байна
Үнэндээ энэ солонго
Хийсээд арилчихгүй л байна... 
* * * 
Борооны үнэр сэтгэлд анхилавч
Зун дууссан байна
Бодолгүй уншсан амьдралын хуудас
Тэртээ үед өнгөрсөн байна.
Амтыг нь мартсан уруул ямархан аттайг
Эргээд нэг санъя гэтэл зүүд дууссан байна.
Арван жилийн өмнөх дуугүйхэн үнсэлт минь
Нээрээ, арван жил өнгөрчихсөн гэж үү?
Амьдралын буухиа дэндүү хурдан
Аймшигтай, өршөөлгүй ажээ. Тэгэхэд зүрхэнд лугшиж байсан цусыг
Тэнгэрт хийссэн энэ он жилүүд юүлээд
Оронд нь бусдын цус сэлбэсэн юм шиг
Ондоон хүн болжээ, би
Ондоон бүсгүй эхнэр минь болжээ.
Алсад үлдсэн цэлмэг бяцхан өртөөнд
Амьдралын минь буухиа дэмий л түр зогсжээ
Осол гаргахгүй гэж зөрлөг хүлээсэн галт тэрэг
Одоо санахад, хэн нэгнийг минь дайраад алжээ.
* * * 
Надаас дэндүү хол хүмүүс
Дэргэд сууна
Насаар хэдэн зуу ах хүмүүс
Зэргэлдээ амьдрана.
Тэд даана ч балчир,
Хөлд ороогүй охин шиг минь!
Тэвэрч гэвч болохгүй
Хөл дээрээ зогсоцгооно. Тийм харь, ойлгомжгүй
Эдний өөдөөс ширтээд
Тэвчээрээ шалгаж би
Эвэр хундага өргөөд
Хайран нэгэн оныг
Хөсөр үдэж дарс ууна
Халуу шатсан биеэр минь
Хөлдүү цус гүйнэ
Дарсанд нуугдсан Үнэн
Барьсан хундага бүрийг нь
Хаалга мэт тогшиж үзээд,
(Хүмүүс минь, хүмүүс минь!)
Даана ч миний үе тэнгийнхэн
Хаана ч алгыг зарлана.

Дэлхийн алдарт философичдийн бүтээлийг хөрвүүлэгч

Дэлхийн алдарт философичдийн агуу бүтээлийг хөрвүүлэн бичиж олны хүртээл болгон Монголын ард түмэндээ орчуулан хүргэдэг Гүн овгийн Аюурзана нь монголын философийн томоохон төлөөлөгч  юм. Түүний намтар болон уран бүтээлийг та бүхэнд хүргэж байна. Цаашдаа ч олон сайхан уран бүтээл хийсэн философичдийн талаар дэлгэрэнгүй танилцуулж байх болно. 








Гүн овгийн Г.Аюурзана 1970 онд  Баянхонгор хотод төрсөн. МЗЭ-ийн шагналт. 2002 оны шилдэг зохиолын "Алтан өд" цомын эзэн
ОХУ-ын Москва хотын М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургууль, АНУ-ын Айовагийн их сургуулийн Олон улсын утга зохиолын хөтөлбөр дүүргэсэн.

“Цаг хугацаа амсхийх зуур”, “Философийн шүлгүүд”, “Non Plus Ultra”, “сэтгэл рүү шагайгч Түүнд” зэрэг яруу найргийн түүврүүд, “Дурлалгүй ертөнцийн блюз тэргүүтэн хүүрнэл зохиолууд”, “Гурамсан цадиг” зэрэг хүүрнэл зохиолын номууд хэвлүүлсэн. “2х2=6 буюу Суут жаран сэтгэгч”, “Орчин цагийн аугаа их сэтгэгчид”, “Зэн-буддизм: Амьдралаас ангижрахуй” зэрэг философийн чиглэлийн номууд бичиж, “Дэлхийн сонгомол яруу найраг” антолог, Монтэнь, Сартр, Фолкнер, Борхэсийн зохиолуудаас монгол хэлнээ орчуулсан.

Хамгийн сүүлд “Бөөгийн домог” романаа 2010 онд гаргажээ.
Номын танилцуулга                                                                                  
  • Номын нэр: Арван зүүдний өр
  • Зохиогч: Г.Аюурзана
  • Нийтэлсэн: 2005 он
  • Хуудасны тоо: 140
  • Номын төрөл: Уран зохиол
  • Худалдаж авах үнэ: 7'000
  • Түрээслэх үнэ: 3'500

Номын тухай
“Арван зүүдний өр” бол “Гурамсан цадиг”-ийн хоёр дахь роман болно. Цуврал романуудыг нэгтгэж буй шатаагдсан зохиолын тайлбарууд энэ номд бүрнээрээ багтсаны дээр, далд ухамсар, зүүдний сэдвээр дагнаж бичигдсэн Монголын анхны роман юм. Зүүдний наймаа, цахим ертөнцийн тухай сонирхолтой сэдэв дээр тулгуурласан, өнөө цагийн роман бичлэгийн дэвшилтэт арга хэлбэрээр бичигдсэн энэ ном гадаадын судлаачдын илтгэлд цөөнгүй дурдагдан үнэлэгдсэн бөгөөд ОХУ-д орчуулагдан хэвлэгдэж байна




Түүний бичсэн шүлгээс 

 Цагаа олоогүй...


Цагаа олоогүй,
Царай муутай, шинийн, нарийхан сарны
Гуниг надад халдварлаад...

Гэр дээр тавьсан хэлтгий шанага шиг
Долоон од
Дээврээр шөнөжин хөөцөлдөөд...

Нойр муутай хонолоо.
Нар ч цагаа олоогүй санагдах
Энэ хачин өглөө

Адилхан л хоёр хусны
Нэг нь шарлаад, навчис нь үймээд,
Нөгөө нь жишим ч үгүй, нов ногоон...

Арай эрт сэрчихэв үү, би?
Хожимдчихов уу?

 Үхлийн цэцэгс
Yнэр нь хаа ч байдаггүй үнэр
Өнгө нь хаа ч байхгүй өнгө
Тийм үнэрийг сайхан ч гэх, муухай ч гэх аргагүй
Тийм өнгийг үгээр дүрсэлж болохгүй. . .
Yс сэрвэлзэх ч салхин үгүй талд
Yнэр, өнгө түмэн цэцэг найгана.
Yл мэдэгхэн санаа алдахын цуурайг
Yүрдийн тайвшрал, мөнхийн зүүд залгана.
Өө, нөгөө л зүүд шив дээ
Урьдын өнгө, урьдын үнэрийг нь мэдэх цэцэгс
Yхэл, үнэндээ, бас л амьдрал шиг
Уйтгартай, сэтгэл булаах юмгүй эд шив дээ.

 Хичнээн хичээгээд хүсэлд минь

Хичнээн хичээгээд хүсэлд минь
Өөр бүсгүй багтахгүй
Гэвч би хүүхэд мэт
Үнэн ч дурлаж чадахгүй
Чамайг гэж бодоод
Хэнийг ч энхрийлэхэд бэлэн
Чанга инээд шиг цохилох
Зүрхээ захирч чадахгүй
Чамайг гэж бодоод
Хэнийг ч энхрийлэхэд бэлэн
Чиний тухай бодол минь
Солиорсон хүн шиг насгүй,
Чийгтэй агаарт татаатай
Солонгийн төдий хэврэг,
Үлээхэд сарнимаар эмзэг
Гэвч гадаа салхитай байна
Үнэндээ энэ солонго
Хийсээд арилчихгүй л байна...

 Бяцхан суурингуудыг би сайн ойлгодог.


Бяцхан суурингуудыг би сайн ойлгодог.
Бяцхан суурингийн нохдын дуу золбоотой,
Xүмүүсийн инээвхийлэл гунигтай байдаг.
Ингэж хүлцэнгүй инээвхийлдэг хүмүүс л
Эртний бүрэнхий дууг мартаагүй явдаг.
Тэдний хүүхдүүд л шүлэгч болдог.
Зурагтын ганцхан суваг гардаг
Бяцхан суурингуудыг би сайн ойлгодог.
Зун нь энд диваажин шиг,
ªвөл нь зүүд шиг, хавар нь там шиг...
Намар гэж ер байдаг юм уу?
Шарлах ганц ч навчгүй
Саргар моддыг нь би дэндүү сайн ойлгодог.




Tuesday, December 7, 2010

Философийн тэнхмээс шинэ номууд гарлаа




Философийн тэнхмээс шинэ номууд гарлаа


















1. Д.Тунгалаг (2010) Гэрлэлт, гэр бүлийн философи, ёс зүйн зарим асуудал. УБ, Соёмбо паблишинг
Философийн тэнхмийн багш Д.Тунгалагийн гаргасан уг ном гэр бүлийн уламжлалт шинж, өнөөгийн байдал, нийгмийн амьдралд гүйцэтгэх үүрэг, орчин үеийн гэр бүл, амьдралын хэв шинжийн өөрчлөлт, түүнд нөлөөлөх хүчин зүйл зүйл, түүнээс гарах үр дагаварыг, товчоор хэлбэл, нийгэм-бүлийн холбоог философи, ёс зүйн үүднээс харуулахыг оролдсон болно.



















2. Бунийхны Ц.Гомбосүрэн (2010) Хэлний философи ба хэл шинжлэлийн (лингвистик) философи. УБ, МУИС-ийн хэвлэх үйлдвэр
Зохиогч уг номны оршил хэсэгтээ " Монголчууд XX зууны 20-30 аад оноос хэлний тухай сонгодог философийн марксист-лениннист хувилбарыг нь баримталж олон арван жил болсон уламжлалтай билээ. Угтаа сонгодог биш философи баримтлалуудыг нь баримталдаг байсансан бол эдүүгээ үеийн онол, практикийн шаардлаганд нийцэж байхыг философийн үүднээс тайлбарлах нь энэ номны гол зорилго мөн." гэж номныхоо гол зорилгыг тодорхойлжээ.  























3. Орчуулсан: М.Отгонбаяр, Л.Өнөржаргал, Б.Онон (2010) Симон дө Бовуар. "Дайвар хүйстэн" тэргүүн дэвтэр. Баримт ба домог. УБ, "Урлах эрдэм" ХХК
Симон дө Бовуар (1908-1986) Францын экзистенциалист философич, зохиолч эмэгтэйн 1949 онд гаргасан, тухайн үедээ ихээхэн дуулиан тарьж, хамгийн ихээр үзэн ядагдсан, хамгийн ихээр хайрлагдан зохиолч болгож байсан "Дайвар хүйстэн" (Le deuxième sexe) номыг орчуулан гаргасан байна. Эмэгтэй хүн, түүний нөхцөл байдлыг хамгийн олон талаас нь, гүн гүнзгий шинжлэн үзсэн энэхүү бүтээл нь эрх чөлөө, хүмүүнлэг, шудрага ёсны үзэл санаагаар нэвчсэн байдаг бөгөөд олон орны, үе үеийн эмэгтэйчүүдийн ширээний ном болсон бөгөөд түүхэн хязгаарлагдмал байдлаа даван гарч, бүтээж, туурвиж амьдрахад, оршихуйнаа төлөө хариуцлага хүлээхэд тэднийг сургасан байдаг.






















4. Тогоочийн Дорждагва (2010) Соёл судлал. сурах бичиг. УБ, "Битпресс" ХХК
Сүүлийн жилүүдэд соёл судлалыг сонирхон суралцагчдын тоо эрс өсөж, үндэсний семинарын цар хүрээ жилээс жилд тэлж байгааг та бид бэлхэнээ харж байна. Төрийн ба төрийн бус байгууллага, аж ахуйн салбарт ажилладаг хүмүүс ч соёлын тэр дундаа харилцааны соёлын асуудлыг сонирхон үзэхийг мэрийх болжээ. Иймээс бид энэхүү сурах бмчгийг (тестийн хамт) бичиж нийтийн хүртээл болгох оролдлого хийлээ.


















5. Тогоочийн Дорждагва (2010) Соёл судлалын мянган тест. сурах бичиг. УБ, "Битпресс" ХХК


















6. С.Соёлжин, Т.Дорждагва (2009) Философийн ангийн оюутанд зориулсан англи хэл. УБ
Өнөөдөр манай оюутан, залуус гадаад хэл түүний дотор англи хэлийг судлан эзэмшихийг хичээх болжээ. Гэтэл мэргэжлийн чиглэлээр уншиж судлах ном сурах бичиг, гарын авлага, материал ховор байдаг. Иймд бид "Философийн ангийн оюутанд зориулсан англи хэл" гэдэг нэртэй энэхүү нийгмийн ухааны тэр дундаа философийн мэргэжлийн ангид англи хэл заадаг багш нарт, тус салбарын оюутан  суралцагчдын гарт хүргэж байна.



















7. Н.Уртнасан, Т.Дорждагва (2009) Биет бус соёлын өвд холбогдох материалын эмхтгэл. Тэргүүн дэвтэр. УБ, "Өнгөт талст" ХХК 
ЮНОСКО-оос 2003 онд батлан гаргасан Биет бус соёлын өв, түүнийг тээгчийг хамгаалах тухай конвенцийн үзэл санааны дагуу ЮНОСКО-ийн "Хүн амьд эрдэнэ" хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол улс дахь Биет бус соёлын өв, түүнийг тээгчийг тогтоох, бүртгэх, хадгалж хамгаалах, өвлүүлэх, хөгжүүлэх, төрөөс дэмжих ажлыг сүүлийн жилүүдэд идэвхийлэн хэрэгжүүлж эхэллээ. Гэсэн ч Биет бус соёлын өв, түүний тээгчийг тогтоох, бүртгэх, хадгалж хамгаалах ажлын эрх зүйн үндэс бүрдээгүй, нийтийн дунд энэ асуудлын талаар бүдэг ойлголттой байсаар байна. Мөн сургалтын материал, сурах бичиг гарын авлага ч хомс байгаа юм. Ийм учраас эл авсаархан гарын авлага (Тэргүүн дэвтэр)-ыг эмхэтгэн нийтийн хүртээл болгож байна.